БНИУ-тай Гадаад сурталчилгааны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлнэ

БНИУ-тай Гадаад сурталчилгааны чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлнэ
1/2

2026 оны 08 дугаар сарын 13, Жакарта хот. Элчин сайд Д.Энхтайван БНИУ-ын ГХЯ-ны Гадаад сурталчилгааны газрын захирал Ани Нигериавати-тай уулзаж, хоёр улсын Дипломат, гадаад харилцааны салбарт хамтран ажиллах тухай 2023 харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Соёл, гадаад сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан БНИУ-ын ГХЯ-ны харьяанд байдаг Бандунг дахь Ази, Африкийн Бага хурлын музейд хоёр улсын 70 жилийн найрсаг харилцааны түүхийг олон нийтэд таниулах гэрэл зургийн болон цахим үзэсгэлэн зохион байгуулах боломжийн талаар ярилцав. 

Мөн хоёр улсын иргэд хоорондын, ялангуяа оюутан, залуучуудын харилцааг бэхжүүлэх, Монгол, Индонезийн дипломат харилцаа, гадаад бодлого, түүх, соёлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Индонезийн тэргүүлэх их, дээд сургуулиудад лекц, уулзалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцож, БНИУ-ын ГХЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 

Монгол Улс, БНИУ нь 1956 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2026 онд дипломат харилцааны 70 жилийн ойн тохиож байна.