ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
2026 оны 04 дүгээр сарын 15, Жакарта хот. Элчин сайд Д.Энхтайван БНИУ-ын Хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэлийн сайд, “Danantara” сангийн гүйцэтгэх захирал Росан П. Руслани-тай уулзаж, хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Монгол, Индонезийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон тэмдэглэж, энэхүү ойг хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах стратегийн боломж хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын эдийн засгийн бодлого, тэр дундаа түүхий эдийн экспортоос нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд шилжих зорилтыг танилцуулж, энэ чиглэлд Индонезийн амжилттай хэрэгжүүлж буй боловсруулах үйлдвэрлэлийн бодлогоос туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн чухал ашигт малтмалын салбар, боловсруулах үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.
Сайд Р.П. Руслани Индонезийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн удирддаг “Danantara” сангийн үйл ажиллагаа, стратегийн хөрөнгө оруулалтын чиглэлүүдийг танилцуулж, хоёр улсын холбогдох байгууллагуудын хооронд туршлага солилцох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Талууд мөн Монгол Улсын Үндэсний баялгийн сан болон “Danantara” сангийн хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр туршлага солилцох, цаашлаад хамтарсан хөрөнгө оруулалтын боломжийг судлах талаар санал нэгдэв.
Мөн Монголын аж ахуйн нэгжүүд Индонезийн зах зээлд нэвтрэх, цаашид бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов.