“JAKARTA MARKETING WEEK 2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

“JAKARTA MARKETING WEEK 2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
1/4
2026 оны 05 дугаар сарын 07, Жакарта хот. Тус Элчин сайдын яам 2026 оны 05 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд болж буй “Jakarta Marketing Week 2026” арга хэмжээний хүрээн дэх “Go Mongolia” тусгай хуралдааныг зохион байгуулж, Монгол Улсын соёлын өв, аялал жуулчлалын салбар болон худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг Индонезийн олон нийт, бизнесийн хүрээлэлд танилцуулав.
 
Элчин сайд Д.Энхтайван тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, 2026 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг онцолж, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэлээр дамжуулан хоёр улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.
 
Арга хэмжээний үеэр Индонезийн нэр хүндтэй бизнесийн төлөөлөл болох “Jakarta Marketing Week 2026” арга хэмжээг зохион байгуулагч “Mcorp” байгууллагын үүсгэн байгуулагч, нэрт маркетинг судлаач Хермаван Картажаяа, Монгол Улсын Соёлын элч, PT Jababeka Tbk компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга С.Ж.Дармоно нар үг хэлж, Монгол Улсын сурталчлан таниулах чиглэлээр хийж буй ажлаа танилцуулав. Түүнчлэн Монгол Улсад Бээжингээс хавсран суугаа Бүгд Найрамдах Индонез Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ирэн мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв.
 
Өдөрлөгт Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Баянхонгор аймгийн ЗДТГ-аас тус тус цахимаар оролцож, Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, Төвийн бүсийн аялал жуулчлалын салбарыг танилцуулав.
“Jakarta Marketing Week 2026” арга хэмжээнд Индонезийн Танжунг Лесунг эдийн засгийн чөлөөт бүс дахь Монголын Соёлын төвөөс Монгол Улсыг сурталчлах тусгай үзэсгэлэнгийн буланг ажиллуулж, индонзийн сурагчид Монгол үндэсний бүжгийн үзүүлбэрийг хүрэлцэн ирсэн зочдод толилуулав.