Монгол, Индонез аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2026 оны 03 дугаар сарын 10, Жакарта хот. Элчин сайд Д.Энхтайван Бүгд Найрамдах Индонез Улс (БНИУ)-ын Аялал жуулчлалын дэд сайд Ни Лух Пуспа-тай уулзаж, хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Талууд аялал жуулчлалын солилцооны нөөц боломж сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буйг онцолж, энэ жил тохиож буй дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах тухай ярилцав. Тухайлбал, Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын аялал жуулчлалын салбарын тухай мэдээлэл хийж, визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, шууд нислэг тогтоох зэрэг нь жуулчдын урсгалыг харилцан нэмэгдүүлэхэд ач холбогдолтойг онцлов.
Дэд сайд Ни Лух Пуспа хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд тогтвортой болон эко аялал жуулчлал, орон нутгийн хөгжлийг дэмжсэн харилцан туршлага солилцох, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээд сургуулиудад хүний нөөц бэлтгэх зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.