Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

Парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов
2026 оны 03 дугаар сарын 05, Жакарта хот. Элчин сайд Д.Энхтайван Бүгд Найрамдах Индонез Улс (БНИУ)-ын Төлөөлөгчдийн танхим дахь Индонез, Монголын Парламент хоорондын хамтын ажиллагааны бүлгийн дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Мухаммад Хилман Муфидитай уулзав.
Уулзалтаар Элчин сайд Д.Энхтайван хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны чухлыг онцлоод Монгол Улс, БНИУ хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буй энэ 2026 онд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Энэ хүрээнд хоёр улсын парламентын түвшинд хамтран хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.
Индонез, Монголын Парламент хоорондын хамтын ажиллагааны бүлгийн дарга Мухаммад Хилман Муфиди хоёр талын харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглээд, парламент хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний ач холбогдлыг онцолж, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.